Пулитцерийн шагналын эзэд тодорлоо
АНУ-ын сэтгүүл зүй, утга зохиол, урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналын эзэд тодорлоо. Тус улсын сонгуулийн өмнөх кампанит ажилд ОХУ хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй тухай цуврал нийтлэлээрээ “New York times”, “Washington post” сонины редакц “Үндэсний мэдээлэл” төрөлд уг шагналыг хүртэх боллоо. Уг шагналын зохион байгуулах хорооны дарга Дана Канеди Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургуульд болсон ёслолын үеэр энэ тухай мэдэгджээ. Тэрбээр “2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон тухай ойлголтыг үлэмж хэмжээгээр өргөжүүлсэн, хүмүүсийн сонирхсон асуудлуудыг хөндсөн, олон эх сурвалж ашигласан бүтээлүүд бэлтгэснийх нь төлөө энэ шагналыг олгох боллоо” хэмээн тодруулав.
Уг нэр хүндтэй шагналыг жил тутам 21 төрөл (сэтгүүл зүйн 14, утга зохиол, жүжиг, түүх, хөгжмийн долоо)-өөр олгодог. Энэ жил “Нийгмийн төлөө” төрөлд нийгэмд өндөр байр суурь эзэлдэг хүмүүс, тухайлбал, Холливудын хамгийн нөлөө бүхий продюсерүүд бэлгийн дарамт учруулдгийг илрүүлэх боломж олгосон нийтлэлээрээ “New York times”, “New Yorker” сонины сэтгүүлчид, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” төрөлд Алабамын улстөрч, өсвөр насны охидтой бэлгийн харьцаатай гэгдэх Рой Мурын тухай цуврал нийтлэлээр “Washington post” шалгарчээ.
“Олон улсын сэтгүүл зүй” төрөлд шагналыг мансууруулах бодисын наймаатай тэмцэх талаар Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн баримталдаг бодлогын тухай цуврал материалаар “Reuters” агентлагийн сэтгүүлчид хүртэх болов. Харин “Шуурхай гэрэл зураг” төрөлд АНУ-ын Виржиния муж улсын Шарлотсвилль хотод гарсан мөргөлдөөнийг сурвалжилсан “Daily progress” сонины гэрэл зурагчин Райан Келли, “Гэрэл зургийн шилдэг сурвалжилга” төрөлд Мьянмарт рохинж дүрвэгсдэд хүч хэрэглэж байгаа тухай бодит байдлыг харуулсан цуврал зургаар “Reuters”-ын гэрэл зурагчид түрүүлэв. Калифорни муж улсын Санта-Роза хотын “Press democrat” сонины редакц хотдоо гарсан ойн түймрийн тухай бичиж, “Шуурхай сурвалжилга” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэх болжээ.
“Уран зохиол” төрөлд “Улам бага” романаар Эндрю Шон Грир шалгарлаа. Уг номд өтөл насанд ч хүн хайрлах чадвартай байдаг тухай өгүүлжээ. “АНУ-ын түүхийн тухай ном” төрөлд шилдгээр Жек Дэвисийн “Мексикийн булан: Америкийн тэнгисийн түүх” тодров. Үүнд дэлхийн тэнгисийн сав газар дахь биологийн олон төрөл зүйлийг хамгаалах нь чухлыг хөнджээ. “Баримтат зохиол” төрөлд Пулитцерийн шагналыг түүхч Жеймс Формэнд “Эх орон нэгтнүүдийнхээ төлөө торны цаана орох нь: өнгөт арьст америкчуудад оноодог ял шийтгэл, гэмт хэрэг” бүтээлийнх нь төлөө олгохоор болов. Хөгжмийн шагналын эзнээр “Damn” цомог гаргасан хип хоп дуучин Кендрик Ламар тодорчээ.
Америкийн унгар, еврей гаралтай иргэн, сонины магнат Жозеф Пулитцер (1847-1911)-ийн гэрээслэлийн дагуу үлдээсэн хоёр сая доллароор нь түүний нэрэмжит сан байгуулсан аж. Уг гэрээслэлийг үйлдсэн 1903 оны наймдугаар сарын 17-ныг Пулитцерийн шагнал бий болсон өдөрт тооцдог. 1917 оноос шагналыг жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гаригт Нью-Йорк дахь Колумбын их сургуулиас олгодог юм. Шагналтан бүр гэрчилгээ, 15 мянган доллар авна. Өнгөрсөн жил уг шагналын хэмжээ 10 мянган доллар байжээ. Сэтгүүл зүйн салбарын шагналтан алтан медаль хүртдэг.
Comments
Post a Comment